Багш

Тээр жил бичиж байсан юм

Тэргүүн үндэслэл:
Жинхэнэ багш хүн гэж хэн бэ?
Өөрийнх нь мэдлэг чадвар нь сул дорой байсан ч, мэдлэг чадвар нь хэтийдсэн ч байсан хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ ажилладаг амьдардаг, өөрийнхөө хүүхдээс илүү шавь нараа гэсэн сэтгэлтээр ажилдаа ханддаг, өдөр шөнөгүй тэр нэг хүүхдийг яах вэ? яаж хичээлд нь дуртай болгох вэ? яавал би хичээлээ хүүхдүүдэд ойлгуулах вэ? нэг ч гэсэн хүүхдэд энэ шинэлэг мэдээллийг үнэн зөв хүргээд ойлгуулчих юмсан... тархинд нь угаас дандаа тийм бодол ургаж байдаг хүнийг жинхэнэ багш гэх... Угаас өрөвч нимгэн сэтгэлтэй эгэл хүнийг цаг ямагт инээд хөөр баяр баясал амьдралын сайхан гэж нэрлэж болох бүхэн дагаж явдаг жамтай... чухамдаа ийм л багш ядуу тарчиг явааг ямар ч үр хүүхдээ шавь оруулсан эцэг эх хүмүүс тойрч өнгөрөөдөггүй, төгсгөөд үдсэн шавь нар ч мартдаггүй, төрүүлж өсгөсөн эх орон нь ч мартдаггүй, төр түмэн олон нь ч хоцроодоггүй... Үнэндээ ийм л багш олноор төрөн гарсан үе мөхөсхөн миний ертөнцөд 1950-1980 аад онуудад байсан юм болов уу гэж төсөөлөгддөг. Өдгөө тэрхүү бурханлаг хүмүүсийн маань дийлэнх нь 60, 70 гарчихсан хүмүүс байх аж. тэрхэн үеийн тэдэнд зааж сургаж байсан сурган хүмүүжүүлэх шинжлэх ухаан нь өнөөдрийн дэлхийн боловсролын түвшинд бага зэрэг хоцорсон байж болох авч тэдний хүүхдүүдийг гэсэн нандин сэтгэл нь үеийн үед өнө мөнхөд хоцрогдохгүй билээ...
Ийм л нэгэн хүмүүсийн цалин хөлс үнэхээр амьдралд нь хүрэлцэхгүй байсан бол багш нар биш эгэл жирийн ард иргэд буюу эцэг эхчүүд төгсөгч нар төрийн ордны өмнө жигсаал хийж "багш нарын минь цалин тэтгэвэрийг нэмэхийг шаардаж байна" гэсэн утга бүхий уриа лоозон барин жигсах байсан болов уу...
Тэдэнд үнэндээ иймэрхүү төрлийн жигсаал цуглаанд оролцох бодол орж ирэх нь битгий хэл оройн хоолны тухай бодол ч хумсын чинээ ч орж ирэхгүй... удахгүй болох уралдаан тэмцээн эсхүл төгсөлтийн шалгалтанд хэдэн хүүхэд бэлтгэх тухай л бодол орж ирнэ...
энэ бол тэргүүн үндэслэл.
ДЭД үндэслэл:
Дахиад жинхэнэ багш хүн гэж хэн бэ?
Жигсдаг байж хамаа алга. Гэтэл биднийг энд жигсаж байх хооронд удахгүй төгсөх гэж байгаа хэдэн хүүхдүүд минь яах болдоо? би ч яахав цалин хөлсөө яаж ийж байгаад нэмэгдүүлчихдэг юм гэхэд өнөөх хэдэн бүлтгэрүүд минь хий дэмий л цагаа зурагтны цаана өнгөрөөж суугаадаа... үүнээс болж хүүхдүүд минь төгсөлтийн шалгалтандаа бэлдэж чадсангүй хэдэн ч хоног өнгөрөх юм болдоо, ядаж байхад хугацаагүй гээд байгаа... 6 сар хүртэл тэмцвэл яанан бэ? за одоо яаая гэхэв... би л цалингаа нэмүүлж хэдэн төгрөг ахиу авч байвал одоо дүүрч... жигсаад л байдаг хэрэг...
гэж бодогсод бас хэд байгаа байх... тэдэнд харин хугацаа хэт сунжирвал бас болих бодол нь давамгайлах магадлал өндөр...
Гутгаар үндэслэл:
15, 7, 5-ын таван жил, долоогийн долоон жил, бүхэл бүтэн арван таван жил энэ бусдын хүүхдийг манадаг мануухайн ажилыг хийсэн боллоо... ажил амьдрал дээшлэж байгаа юм алга... амьдрал гэж зээлээс зээлийн хооронд урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг оёдолчны зам мөр... би чинь дээд боловсролтой хүн шүү дээ... гэтэл үнэхээр дорой амьдарч байна... арай ч дээ... цалин нэмэхгүй байхдаа яахав дээ... үнэхээр ядарч байна... залхаж байна... гүйцээ... тэмцэнэ... цалин нэм... цалин нэм... цалин нэм... нэмэн нэмтэл нь жигсаад цалингаа нэмүүлж аваад урьд урьдныхаасаа илүү сайн хичээж ажилланаа... тэрэн шиг үлгэр домог бий урьд өмнө ч, сая ч, хойшид ч сонсохгүй, сонссон ч үгүй, сонсооч үгүй... нимгэн бодолтой хүмүүсийн тухай нимгэн л сэтгэгдэл төрөх юм...
тэдэнд үнэндээ хүүхдийг гэх сэтгэлийнх нь хэрээр цалинг нь олгосон нь тэр байх... үнэн сэтгэлээс ажилладаг ямар ч салбарын ямар ч алба хашигчид цалин нь багаддаггүй гэж боддог... өрөөс өрны хооронд Монгол орон тэр чигтээ амьдарч байна... өрнөөс салах хамгийн хүчтэй хувилбар бол багш нар сайн ажиллах явдал яахын аргагүй мөн... өнөөдөр бид шууд бэлэн гаргаад өгчих тэр их өр зээл байхгүй ч гэлээ маргааш, магадгүй ирэх 5 жилд май гээд өгөх мөнгөтэй болгох оюуны их нөөц хөрөнгө багш нарын гарт буй... тэд Монгол улсад ухамсартай, ажилаа чин сэтгэлээсээ хийдэг эзэмшсэн мэргэжилдээ үнэнчээр ханддаг иргэдийг бий болгох ёстой... гэтэл энэ хэсэгт дурдаж буй хүмүүсийн үлгэр дууриаллаас үлгэр жишээ үнэмшилгүй, итгэлгүй, залхуу, хайнга хүмүүс төрөх нь гарцаагүй... багш нарын сэтгэл дутсанаас биш цалин нь огт дутаагүй... өргүй хүн Монголоос битгий хэл Дэлхий дээрээс ухаад гаргаад ир... байхгүй... өртэй байна гэж ярилцлага өгөөд зурагтаар гараад байгаа багш нар мэдээ уншиж интернэттэй танилцаасай... тэр бол жигсах үндэслэл биш...
би өөрөө багш хүн... цагтаа миний цалин 200,000 төгрөг байсан... саяхныг хүртэл шүүдээ... би голоогүй... надад хүрч байсан... би амьдралаа дээшлүүлэхээр зээл авсан одоо надад хүрсэн... би зээлээ төлөх боломжтой учираас банк надад зээл өгсөн... БАНКны бодлого тэнэг биш... энэ бол хамгийн чухал үндэслэл...
Гутгаарын дараах үндэслэл:
Дэлхийн хөгжингүй орнуудад багш нарын цалин өндөр байдаг нь үнэн... манайтай харьцуулбал шүүдээ... гэхдээ тэр чинээгээрээ тэдний хүүхдэд хандах хандлага нь бас өндөр байдаг юм билээ... би үзсэн... ямар сайндаа л АНУ-ын багш нар энх тайвны корпусаар дамжуулан дэлхий дахинаа тархаж дэлхийн хүүхдүүдийн төлөө сайн дураараа очиж үйлчилж байхав дээ... Юм л бол АНУ-ыг дууриах сэтгэцийн эмгэг туссан манайханд бол ялангуяа боловсролынх нь систем, бүтцээс нь суралцах зүйл их байгаа... шууд муйхарлан хуулж бас болохгүй... цалин хөлсөө нэмэгдүүлмээр байвал зүгээр л чин сэтгэлээсээ АНУ-ын багш нар шиг ажиллаад үз л дээ... нийтээрээ... хэрэвзээ тэгдэг юм бол Монголд аяндаа ажилгүйчүүдийн тоо багасна, ядуурлын эсрэг төсөлүүд хаагдана, утаа багасна, уушиг эрүүлжинэ, тархи сэргэнэ, эдийн засаг хөгжинө, ундны усаа хэмнэнэ, уул уурхайгаа зөв хөгжүүлнэ товчхондоо Монгол ухаажина... Ухаарах уу, Уруудах уу гэдгийг та бүхэн шийднэ... ухаарлыг мөнгөөр биш хөдөлмөр сэтгэл хоёрын нэгдлээр бий болгох учиртай учир энэ хэсэг бас нэгэн үндэслэл болж буй юм...

Comments